Элэгний хавдрын тухай

2016-11-22,
Элэгний хавдрын тухай "Өнөөдөр" сонин дээр гарсан нэгэн нийтлэлийг танилцуулъя гэж бодлоо. Элэгний хавдрын 95 хувь нь элэгний вирүсээс болж үүсдэг юм байна. Энэ дотроо миний дуулснаар бол C вирүс, түүн дотроо Монголд их тархсан төрөл нь (HCV-1b? - энэ төрөл нь элэгний хатууралд хүргэж хавдарт хүргэх нь хурдан ба интерферон эмчилгээний үр дүн муутай байдаг гэж дуулсан...) элэгний хорт хавдрыг хамгийн ихээр үүсгэдэг хоруу чанар ихтэй вирүс гэгддэг. Тиймээс ч Монголд элэгний хорт хавдраар нас барагсдын тоо маш өндөр байдаг. Үүний дээр оношлогоо эмчилгээний хоцрогдол ч бас нэлээн байгаа байх. Хавдар судлалын төвийн эмч нар болоод бусад гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сураад ирсэн мэргэжилтнүүд маань дэлхийн хэмжээнд Монгол хүмүүсээ оношлох, цаашлаад эмчлэхээр чармайн ажиллаж байгаад эдгээр эмч нартаа талархал илэрхийлье. Мөн цаашлаад аль болох хоорондоо хамтарч мэдээлэл солилцож ажиллаасай гэж боддог. Хувь хүмүүсийн хувьд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжуудыг бас өөрөө хайж байх хэрэгтэй гэдгийг дашрамд зөвлөе. Тохиолдлын бэлгийн харьцаанаас бэлгэвчтэй байсан ч аль болох татгалзах (зарим гадаад оронд эхнэр эсвэл нөхөр болох хүнтэйгээ бэлгийн харьцаанаас өмнө ДОХ-ын шинжилгээтэй адил хамт шинжилгээ хийлгэх нь ч байдаг сурагтай...), эмнэлэгээр үйлчлүүлэхдээ эмчтэй зөвлөн аль болох үнэтэй ч хамаагүй нэг удаагийн багаж хэрэгслэл, зүү тариур ашиглаж байх, шаардлагагүй бол шивээс, чих цоолох зэрэг цусанд бохир оруулж болох зүйлсээс татгалзах,  зэргээр одоог хүртэл вирүс аваагүй бол урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн өсвөр насны хүүхдүүддээ энэ талын мэдлэгийг өгөх нь зүйтэй юм. Бохир гар, амьдралын бохир нөхцлөөр бол B, C вирүсүүд халдварладаггүй. Тэр нь HAV төрлийн вирүс байдаг ба энэ нь элэгний хатуурал, хавдар үүсгэдэггүй гэж үздэг. Шарлаж байсан хүн бүр вирүстэй, эсвэл шарлаагүй л бол вирүсгүй гэсэн үг биш юм. За тэгээд доорх ярилцлагыг уншаарай: "Эмэгтэй хүн эрүүл байвал ард түмэн эрүүл байдаг учиртай" -http://www.mongolnews.mn/unuudur.php?n=34206 Манай улс элэгний В,С вирусийн халдвараар дэлхийд толгой цохидог цөөхөн орны нэг юм гэдэг. Элэгний хавдраар олон хүн өвчилж, эндэж байдаг. Манайд элэгний архаг үрэвслийн шалтгааныг арилгах эмчилгээ огт хийдэггүй юм гэнэ лээ. Хүн амынх нь гуравны нэг нь элэгний вирустэй мөртлөө хүний биед байгаа энэ вирусийн тоог нарийн гаргадаг оношилгооны лаборатори байхгүй гэж байгаа.  Монголын бүх лабораторт элэгний вирусийн шинжилгээ хийдэг боловч таны цусанд  хэдэн ширхэг вирус байна вэ гэсэн энгийн асуултад хариу өгч чадахгүй байгаа. Элэгний вирусийн эсрэг хэрэглэх эм, бэлдмэл ч Монголд тун цөөн. Гэтэл саяхан халаагаа өгсөн оны эцсээр Монголд анх удаа элэгний вирус тоолсон гэж дуулаад доктор Ж.Амарсанаатай уулзав. -Дэлхийн хөгжилтэй бүх оронд элэгний вирусийг тоолох шинжилгээ хийдэг. Элэгний вирусийн хэмжээг тогтоодог хэд, хэдэн арга байдаг. Вирусийн уургаар эсвэл вирусийн генийн материалаар тогтоох боломжтой боловч хамгийн сайн арга нь вирусийн генийг тоолох арга юм. Нэг вирус нэг л генийн сантай байдаг хэрнээ олон вирус агуулж байдаг. Тиймээс цусанд байгаа вирусийн генийг тоолох нь олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн шалгарсан арга юм. Харин энэхүү технологийг нэвтрүүлэхэд өндөр үнэтэй тоног төхөөрөмжөөс гадна вирусийн генетикийн өндөр мэдлэг, туршлага шаардлагатай тул манайд энэ шинжилгээг хийж чадалгүй удсан бизээ.  Бид монгол хүний элэгний вирусийн төрөл, генийн сангийн онцлогт тохируулан судалгаа хийж түүний үндсэн дээр урвалж,оношлуураа тохируулж хэрэглэсэн юм. Зөвхөн элэгний С вирусийн хувьд л гэхэд 10-20 бодис дээр туршиж, түүнээс монгол хүний вирусийг илрүүлэхэд хамгийн үр дүнтэйг нь олж тогтоолоо гэж тэрбээр яриагаа эхлэв. -Уучлаарай, би нэг л сайн ойлгохгүй байна. Элэгний вирусийг нэг, хоёр гэж тоолох хэрэг үү? -Тэгэлгүй яахав. 1989 онд элэгний С вирусийг анх илрүүлж байсан бол 20-хон жилийн дараа түүнийг тоолдог технологи оношилгоонд нэвтэрчихсэн байна шүү дээ. Манай лаборатори 30-аас 200 саяын хооронд өндөр нарийвчлалтайгаар тоолох боломжтой юм. -Үүнд хэр зэрэг цаг зар­цуулав? -Бид наймдугаар сараас хойш элэгний В,С вирус дээр туршилт хийж, нийтдээ дөрвөн сар зарцууллаа. -Өндөр хөгжилтэй ор­нуу­дад энэ шинжилгээг хэзээнээс хийж эхэлсэн бэ? -Технологи нь 1990 оны сүүлээр гарч ирсэн боловч оношилгоонд эрчимтэй хэрэглэж эхэлсэн нь 2001-2002 он гэж ойлгож болно. -Тэгэхлээр манай анагаах ухаан дэлхийн түвшнээс 6-7 жилээр хоцорч байна гэсэн үг үү? -Вирусийн оношилгооны хувьд тэгж ойлгож болно. Тэгэхдээ салбар бүр өөр шүү дээ. Зарим салбар 20-30 жил хоцорчихсон явж байна.  -Энэ амжилтанд хүрэхэд таны гадаадад эзэмшсэн мэдлэг, туршлага их хэрэг болсон байлгүй... -Японд байхдаа Токиогийн их сургуульд элэг судлалын талаар сурч  эзэмшсэн зүйл маань их хэрэг болсон. Японд надад зааж байсан багш маань Ази, Номхон Далайн элэг судлалын холбооны тэргүүн хүн л дээ.  -Энэ шинжилгээг ямар хүн хийлгэх шаардлагатай вэ? -Нэгдүгээрт, биедээ байгаа вирусийн үнэн бодитой байдлыг мэдэх сонирхолтой хоёрдугаарт, элэг муутай боловч, шалтгааныг нь мэдэхгүй байгаа гуравдугаарт, элэгний вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай үгүйгээ мэдэхыг хүсч байгаа хүмүүс дөрөвдүгээрт, эмчилгээ хийлгэж байгаа боловч, түүнийхээ үр дүнг мэдэхгүй байгаа өвчтөнүүдэд их ач холбогдолтой болов уу гэж бодож байна. Монголчууд маань элгэнд сайн л гэхээр юу ч хамаагүй хэрэглэж байна шүү дээ. Хэрэв та вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа бол яг одоо ирж эмчилгээгээ хянуулаасай гэж зөвлөх байна. Учир нь Монголд үнэн худлаа нь мэдэгдэхгүй элгэнд сайн, элэгний вирусийг эмчилдэг гэсэн эм бэлдмэл асар их болжээ. Энэ нь зарим хүний амьжиргаагаа дээшлүүлэх арга болчихсон ч байна. Буруу эм зарж байгаа хүний буруу биш, үүнийг буруу гэдгийг нь тогтоож, хянаж чадахгүй байгаа эмч бидний буруу. Үүнд одоо цэг тавих цаг болсон. Та вирусээ эмчлүүлье гэж бодвол эмчилгээнийхээ өмнө вирусээ тоолуулаад, эмчилгээнийхээ дараа дахиад тоолуул. Гурван сарын дараа вирусийн тоо 75-100 дахин буураагүй байвал таны эмчилгээний үр дүн муу байна гэж ойлгох хэрэгтэй.  -Энэ шинжилгээ өндөр үнэтэй юү? -Үнэтэй төхөөрөмж хэрэг­лэдэг, нарийн шинжилгээ учраас хямдхан байхгүй бизээ. Тэгэхдээ бид шинжилгээнийхээ үнийг 50000 төгрөгнөөс хэтрүүлэхгүй байхыг зорьж байна. Яг энэ шинжилгээг Америкт 450 доллар, Японд 250 доллараар хийдэг юм шүү дээ. За тэгээд замын зардлаа нэмээд тооцоод үзвэл хэдэн мянган доллар болно. -Таны оношилгоонд эрүүл мэндийн даатгал хамаарах уу? -Манай Монголд ямар ч лабораторийн шинжилгээнд эрүүл мэндийн даатгал хамаардаггүй юм байна лээ. Үүнд дорвитой төрийн бодлого үгүйлэгдэж байна. Миний хувьд бол монголчуудын асар их зардал гаргаж гадаад руу явж хийлгэдэг шинжилгээг эх орондоо хийх боломжийг бий болгосондоо баяртай байна. -Төлбөрийн чадваргүй хүмүүс энэ шинжилгээг яаж хийлгэх вэ? -Үнэгүй хийх боломж байхгүй л дээ. Харин бид гадаад болон дотоодын төрийн бус байгууллагуудад хандан шинжилгээнийхээ төлбөрийг дийлэхгүй, амьжиргааны түвшин доогуур хүмүүст хандив өгч шинжилгээг нь даах спонсоруудыг хайж байгаа. Хэрэв та төлбөрийн чадваргүй бол юуны өмнө бидэнд хандаад нэр, хаягаа өгч болно. Спонсор олдвол бид холбоо барьж таны шинжилгээг хийж өгөх болно.  -Танай технологиор бусад вирусийг ч гэсэн тоолж болох уу? -Бололгүй яахав. Мөн л урьдчилсан судалгаа, туршилт хийж байж тэдгээр вирусийг тоолно. Энэ удаад монголчуудын маань эрүүл мэндэд хамгийн их заналхийлдэг элэгний В,С вирусийн тоог хянах асуудалд анхаарлаа төвлөрүүлсэн. Цаашид бусад жишээлбэл, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын гол шалтгаан болох хүний папилломын, томуугийн болон ДОХ-ын вирусийг тоолдог болох гээд хийх ажил их байнаа. -Хүний папилломын вирусийг тоолохын ач холбогдол нь юу вэ? -Манайд хамгийн элбэг тохиолддог умайн хүзүүний хавдрын гол шалтгаан нь хүний папилломын вирус шүү дээ. Энэ вирусийн тоо өндөр байх тусам хавдар үүсэх магадлал нэмэгддэг болох нь тогтоогдсон. Хавдрыг илрүүлэх чадлаараа эсийн болон дурангийн шинжилгээ 50-60 хувьтай байхад вирусийн тоогоор илрүүлэх шинжилгээ нь 95 хувьтай байх жишээтэй. Өөрөөр хэлбэл хавдартай 100 хүн байхад одоогийн шинжилгээгээр дөнгөж 50-60 хүнийг нь илрүүлэх боломжтой гэсэн үг. Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх талаар АУХ-гийн профессор, гавьяат эмч Авирмэд, Баасанжав багш нарын удирдлаган доор хамтран ажиллаж байгаа. Энэ чиглэлээр ахиц гаргахад бүх чадал хүчээ зориулна. Эмэгтэй хүн эрүүл байж ард түмэн эрүүл байдаг учиртай. -Архи элгэнд хэр их хортой вэ? -Архи элэгний хатуурал, хавдар үүсгэдэг. Тэгэхдээ элэгний хавдрын 95 хувь нь элэгний вирусээс болж үүсдэг. -Элэгний хавдартай хүн энэ шинжилгээг хийлгэх шаардлагатай юу? -Хавдар нэгэнт үүсчихсэн хойно вирусын нарийн шинжилгээ хийлгэх нь ач холбогдол багатай. Хавдрыг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй гэдгийг хүмүүс ухаараасай билээ.  -Ямар хүмүүс элэгний вирустэй байх магадлалтай байж болх вэ? -Төрөлхийн элэгний В вирустэй хүн сүүлийн үед маш олон болж байна. Тэд шарлаагүй учраас элгээ эрүүл гэж боддог. Энэ нь маш том эндүүрэл бөгөөд вирус элгийг чимээгүй үрэвсүүлж яваандаа 30-аадхан насандаа элэгний цирроз юмуу хавдраар  нас барах тохиолдол Монголд элбэг байна. Энэ нь 60, 70-аад онд вирусийн халдвартай эхээс төрсөн хүүхдүүд юм. Тиймээс та шарлаагүй ч байсан элэгний вирусийн шинжилгээг өгч байх нь зүйтэй. С вирусийн хувьд сүүлийн үед нэг удаагийн тариур хэрэглэдэг болсон учраас тариураар С вирус авах тохиолдол буурсан ч мэс ажилбар, шүдний эмчилгээ, бэлгийн замаар авах нь элбэг байна. Харин С вирусийн хувьд гэвэл огт шарлалгүйгээр ямар ч шинж тэмдэггүй халдвар авсан байдаг. Тиймээс та ямар нэгэн мэс ажилбар хийлгэсэн юм уу, шүдээ авахуулсан, цусаа юүлүүлсэн, шивээс хийлгэсэн, бэлгийн амьдрал замбараагүй бол С вирусээ шалгуулах нь зүйтэйг зөвлөе.

2016-11-16,

бичсэн: Эм зүй төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

2016-11-16,

бичсэн: Эм зүй төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Хөнгөлөлттэй Үнээр үйлчлэх эмийн сангууд

2016-11-16,
a8d859d1f70e9271original
бичсэн: Эм зүй төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Бичлэг

2016-11-16,

Эм зүй

2016-11-16,

Эмийн ургамал

2016-11-16,
24287

Эм зүйчийн андгай тангараг

2016-11-15,
Эм Зүйчийн Андгай Эм зүйч би эмийн мэргэжилтний баримтлах зарчим үүрэг хариуцлагыг ухамсарлан хүн амын эрүүл мэндийн төлөө үйлчилэхээ андгайлж байна. Би хүнлэг чанарыг эрхэмлэж хүн төрөлхтний сайн сайхны төлөө хамгийн өндөр стандартыг удирдлага болгож ажиллана.Би өдөр тутмын үйл ажиллагаандаа хүн амын сайн сайхан эрүүл мэндийг дэмжиж ажиллахын тулд өөрийн мэдлэг чадвараа бүрэн дайчилна.Би хэрэглэгчдэд үзүүлж байгаа бүхий л үйлчилгээндээ өөрийн ашиг сонирхол хувийн бусад асуудлаа тунгаан хэрэгцээг нь тогтоож байна.Би үйлчилгээндээ шударга адил тэгш байдлыг дээдлэн үйлчлүүлэгчийн нас хүйс арьс өнгө яс үндэс шашин шүтлэг соёл улс төрийн итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандана.Би үйлчлүүлэгчийн хувийн болон эрүүл мэндийн мэдээллийн нууцлалыг чанд хамгаална.Би мэргэжлээрээ тасралтгүй хөгжиж дэвшиж мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвартай байна.Би эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ мэргэжлийн мэдлэг стандартыг хөгжүүлж ажиллана.Би мэргэжлийн залгамж чанарыг эрхэмлэж хойч үеэ халамжлан хүмүүжүүлнэ.Би эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бүхий л боломжийг ашиглана.

эм зүйч гэж хэн бэ?

2016-11-15,
Эм Зүйч Мэргэжлийн Талаар Хийж гүйцэтгэдэг ажил Эмийн бүтээгдэхүүнүүдийг хадгалах, нөөцлөх, нэгдэлд хувиргах, бэлтгэх, эмчлэгч эмч болон анагаахын мэргэжилтний бичсэн жорын дагуу олгох эм тариа, эмийн зохистой хэрэглээ, сөрөг үр дагаврын талаар зөвлөгөө өгнө. Хүний эрүүл мэнд, эмчилгээний арга барил судлах, турших, бэлдэх, жор бичих, хянахад бусад ажилтнуудтай хамтарч ажиллана Компьютер, эм найруулах сав, цавуу, эмийг зориулалтын дагуу хадгалах склад, чагнуур, судалгаа шинжилгээ хийх ном товхимол, халат. Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл Эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр эм зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх. Мэргэжлийн ур чадвар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах, ажил мэргэжлийн хүрээнд хэрэглэгдэх техник хэрэгсэлтэй харьцаж сурсан, хими, физикийн шинжлэх ухааны мэдлэг сайтай байх. Бие хүний онцлог шинж чанар, чадварууд Ажигч гярхай, анхаарал төвлөрөлт,ой тогтоолт сайтай, хүртэхүйн мэдрэмж сайтай, гар хурууны хөдөлгөөний зохицолдолгоо сайтай, хариуцлагатай нягт нямбай, тэвчээртэй, тэсвэр хатуужилтай, ачаалал даах чадвартай байх. Ирээдүйд ахих дэвших боломж Анагаах ухаан, хор судлал, эм судлал. Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл  Эмчлэгч эмч болон анагаах мэргэжилтний бичсэн жор хүлээж авах, эм олгохоос өмнө үйлчлүүлэгчийн өвчний түүхийг шалгах, эмийн тун зөв эсэх, эм хоорондоо харшлах эсэх, хэрэглэх зааврыг нягтлах. Шингэн, тосон, нунтаг, үрэл зэрэг эм бэлдмэлийг жорын дагуу бэлтгэх, шошго наах ажлыг удирдах.Эм захиалагч, үйлчлүүлэгчдэд эм тарианы үйлчилгээ, харшил, эсрэг үйлчлэл, дагавар үзэгдэл, эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх.Эрүүл мэндийн мэргэжилтний хамт тухайн өвчтөнд эмийн үзүүлэх үр нөлөө, чанар, байдлыг төлөвлөх, хянах, шалгах.Мансууруулах бодис, хор, зуршил, дасал үүсгэдэг, эмийн жор бичилт, олголтын талаар хууль, мэргэжлийн үүднээс хавтаст хэрэг хөтлөх.Вакцин болон муудах магадлалтай бусад эм бэлдмэлийг дүрэм журмын дагуу нөөцлөх, хадгалах.Жороос гадуур олгох эм бэлдмэлийн тухайд хөнгөн хэлбэрийн өвчнийг оношлох, эмчлэх анхан шатны тусламжийн талаар зөвлөгөө өгөх.Эмийн сангийн техникч, дадлагажигч, борлуулагч, ажилтны ажил үүргийг удирдах.Эм зүй, гоо сайхны болон холбогдох химийн бүтээгдэхүүнийг бий болгох, сайжруулахад чиглэсэн судалгаа шинжилгээ хийх, найрлагын талаар зөвлөлдөх.Эм бэлдмэлийг тодорхойлж, цэвэр ариун, үйлчилгээг стандартад нийцүүлэх, эмийн бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодол, тэмдэглэгээг үнэлж дүгнэх. Зарим тодорхой эм бэлдмэлтэй холбоо бүхий мэдээлэл, эрсдлийг судлах, боловсруулах.a8d859d1f70e9271original

эмийн ургамалууд

2016-11-15,
Алтан гагнуур Алтан гагнуур буюу Англиар- Golden root, Латин нэр нь-Rhodiola rosea Энэ ургамал нь манай орны уулархаг нутгийн хад чулуу ихтэй газраар 10-15см өндөртэй ургана. Үндэс болон үндэслэг ишийг нь эмийн түүхий эдэд хэрэглэдэг. Түүхдээ намар сэрүүн орж газар дээрхи хэсэг нь гандаж цайрсан үед малтаж аваад үндэс ишийг 3-4см хэмжээтэй хэрчээд хүйтэн усаар сайтар угааж цэвэрлэсний дараа нар салхинд хатаах хэрэгтэй. Алтан гагнуурын үндэсийг ардын эмнэлэгт яс бэртэх булчин шөрмөс тасрах, элэг, дэлүү, бөөрний гэмтэл зэрэг болон гол төлөв гэмтэл шархны холбогдолтой өвчинд хэрэглэсээр иржээ. Таван салаа Таван салаа Англиар- Greater Plantain, Латин нэр нь-Plantago major Таван салаа нь голын эрэг, эрэг дагасан нуга, мөлгөр хайрга, бургасан шугуй, улиасан төгөл, булаг шандын дагуух зүлэг зэрэг газар маш элбэг ургадаг эмийн ургамал. 5-р сараас цэцэглэх ба 7-р сараас үр нь боловсордог. Цэвэр өнгөө алдаагүй навчнуудыг ялгаж 3-4см хэмжээтэй тайрч хэрчиж хатаана. Уг ургамлын навчны ханд шарх эдгэрүүлэх агаад шинэ түүсэн навчны шүүс нь нүдний эвэрлэгийн шархыг түргэн эдгээх сайн талтай. Азийн олон орны эмнэлэгт навчаар бэлтгэсэн хандыг уушигны гууртас, хөхүүл ханиад, уушигны багтраа зэрэг өвчний үед цэр ховхлох зорилгоор хэрэглэдэг. Мөн ходоод болон нарийн гэдэсний үрэвслийн үед онц тус үзүүлдэг ургамал аж. Хоолны халбага нунтаг навчийг 200 мл буцламгай усанд хийж, 15 минут болсны дараа шүүж аваад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууж хэрэглэнэ.  Бамбай Бамбай буюу Англиар-Valerian, Латин нэр нь-Valeriana officinailis Энэ ургамалХөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховдын дүүргийн ойн бүслүүрт шинэсэн ой түүний зах, хусан төгөл ой ба нуга, бургасан шугуй, хадны ёроолоор ургана.60-120см өндөр иштэй олон наст өвслөг ургамал юм. Үндэс, үндэслэг ишийг хавар 4-5 дугаар сар, Намар 9-10 дугаар сард бэлтгэх боловч намар навч, цэцэг унаж иш цайвар өнгөтэй болж ишний оройд баг цэцгийн үлдэгдэлтэй байх үед бэлтгэх нь сайн. Нойргүйдэх, татаж унах, цусны даралт ихдэх өвчинг анагаахад хэрэглэнэ. Олон хоног буухгүй халуунд сайн. Хэрэглэх хэмжээ: 5 грамм нунтаг үндсийг 250 мл усанд буцалгаж аваад 2 цаг тавиад 100 мл-ээр өглөө, орой унтахын өмнө ууна. Хуурай сэрүүн газар хадгална. Чихэр өвс Чихэр өвс, Англи нэр нь –Liquorice, Латин нэр нь- Radix Glucurrhizae Уул толгодын элсэрхэг хөрстэй нуга, хээр, чийглэг марцлаг нуга, элсэрхэг хээр, хээрийн гол горхины хөндийд ургана. Буурцагтны овгийн ургамал.Түүний үндсэнд хүн малын элдэв өвчин эмгэгийн анагаах чадалтай глюкозтой төстэй бодис нилээд хэмжээгээр агуулагддаг ба уушигны өвчин, цэр ховхлох болон амьсгалын замын өвчнийг ангаах үйлчилгээтэй эмийн ургамал юм.